Бидний тухай

Д.Түдэвийн түүх, намтар судалгаа

Монголын анхны Гавъяат морин хуурч Дондогдоржийн Түдэвдорж буюу олноо нэрлэгдэж заншсанаар Түдэв хуурч нь өнөөгийн Булган аймгийн Дашинчилэн сумын Лахбагын нутаг дахь Өрхтий хэмээх газар буюу Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны ноён Дондогдоржийн хүү болон 1898 онд төржээ.

Түдэвдоржийг есөн настай байхад эцэг нь нас баржээ. Аавын хошуу ноёныг залгамжлах эрх оногдож, гүн зэргэмтэй болж үүнээс хойш Түдэв гүний хошуу гэж нэрлэгдэх болсон юм.

Түдэв хүү багаасаа өнчрөл зовлон үзэж, хошууны бичээч Бямбажав, найз нөхөд “Гохой” Даваа, “Зүтгүүр” Дашням болон нутгийн олон түмний дэмжлэгтэйгээр өсөн өндийжээ. Тэрээр багаасаа их сэргэлэн, нямбай, юмыг хийвэл заавал дуусгадаг, ажилч хичээнгүй чанар нь олон түмнийхээ талархлыг хүлээж байсан юм.

Түдэвийн ээж Цогтдарь хатан халхын сайхан бүсгүй байсан. Долоон хошууны Даншиг наадам үзээд явж байхад нь улсууд тойрч шагшин магтаад явуулахгүй байхаар нь “Бүсгүй богино жолоотыг харж ажлаа алдсанаас бурхан бүрэлбаа Богддоо сүсэглэж явбал энэ, хойт насанд чинь хэрэг болох сон болов уу” гэж айлдаж байсан гэдэг.

Дунд голын ногоо нь
Ургасан байтлаа тарьсан юм шиг
Дунжидмаагийн бүсгүй нь
Төрсөн байтлаа зурсан юм шиг… гэж ард түмэн зориулж дуу гарч байжээ.

Түдэв гүн хошуу ноёны ажил гэхээсээ урлагийн замд хөтлөгдөн, Алдарт дуучин Дугаржавын урилгаар Улаанбаатар хогод ирж, 1930 онд “Бөмбөгөр ногоон” хэмээх театрт шалгуулан оржээ. Ингэж Түдэвийн урлагийн зам эхэлсэн юм. Түдэв нь 1933 онд болсон Олон улсын театрын наадамд оролцож, морин хуурын эрдэм чадлыг гаргаж шагнагдсан.

Түдэв хуурчид Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, морин хуурч Д.Жамъян, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн нар шавь орж байжээ. Д.Түдэв нь Ардын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын Сайд нарын зөвлөлийн хамтран хуралдсан 1935.09.25-ны өдрийн тогтоолоор “Улсын алдарт гавьяат” цолоор шагнагдсан билээ.

Өдгөө Түдэв хуурчийн төрсөн охин Цэрэндуламын хүүхдүүд буюу Түдэвийн ач охин Туяа, Тогоонтөмөр нар энх тунх, харин бурханы оронд заларсан ач хүү Баттөмөр, Отгонтөмөр, ач охин Тунгалаг нарын үр хүүхэд, ач зээ нар өнөр олуулаа амьдарч байна.

Үр хүүхдүүд нь өвөө Түдэвийн түүх намтарыг дэлгэрүүлэн судалж, түмэнд олон таниулан мэдүүлж, дурсаж явах зорилгоор энэхүү вэбсайтыг нээсэн билээ.

Subscribe to My Newsletter

Subscribe to my weekly newsletter. I don’t send any spam email ever!